Аймгийн Хүнс, хөдөө ахуйн газраас 2017 оныг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжүүлж буй үндэсний хөтөлбөр болон бусад хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг хангах, улмаар бүсийн болон улсын чанартай үзэсгэлэн худалдаанд оролцох бүтээгдэхүүнийг шалгаруулах, сурталчлах зорилго бүхий "Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл- 2017" үзэсгэлэн худалдаа Матад суманд амжилттай зохион байгуулагдаж байна.
Үзэсгэлэн худалдааг сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтнүүд зохион байгуулж, тус сумын 6 багийн төлөөллүүд сүү, сүүн бүтээгдэхүүн, шинэ ургацын ногоо, гурилан бүтээгдэхүүн, чөдөр ногт, хатгамал, гар урлал, малын түүхий эдийг боловсруулан хийсэн бүтээгдэхүүнүүдээр тус тус оролцож байна. Жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулдаг тус үзэсгэлэн худалдаанд оролцогчдын тоо, бүтээгдэхүүний төрөл, чанар жилээс жилд нэмэгдсээр байгааг энэ дашрамд дуулгахад таатай байна.