Матад сумын хоёр түмэн адууны баяр, Дорнод аймгийн урд бүсийн хурдан морины уралдаан, сумын Морин спорт уяачдын холбоо үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн баяр наадмын хүрээнд эмнэг хангал сургагч, эрэмгий дайчин залуусын дунд зохион байгуулсан "Адуучин" тэмцээнд баг тус бүрийн төлөөлөл болсон шижигнэсэн залуучууд Уурга, ташуур шүүрэх, Хос морь сэлгэн унах, Эмнэг булгиулах гэсэн гурван төрлөөр өрсөлдөж, шилдгүүдээ шалгарууллаа. Тэмцээний дүн гарахад Эмнэг хангал булгиулах төрөлд Эрдэнэбадрах багийн залуу адуучин Н.Мөнх-Эрдэнэ түрүүлж, Морь сэлгэн унах төрөлд Буян-Өндөр багийн "Аварга" адуучин Г.Баяржаргал шалгарч, Уурга, ташуур шүүрэх төрөлд Эрдэнэбадрах багийн залуу адуучин Э.Алтанцоож тэргүүлж, тус бүр шилдэг адуучдаар өргөмжлөгдөв. " Адуучин" тэмцээнд амжилттай оролцсон моринд эрэмгий залуусдаа баяр хүргэж, "Улсын аварга" адуучид болохын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөн тус тэмцээнийг ивээн тэтгэж оролцсон Х.Оюундарь захиралтай "Улаан-Айраг" ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.
Мэдээ оруулсан: 2017-08-20 23:41:02